Цонхны дулаан алдагдал
2017/01/31Барилгын бусад хийц, хэсэгтэй харьцуулахад дээвэр нь нэг талаас гадаа цаг агаарын, нөгөө талаас дотор агаарын нөлөөлөлд хамгийн их өртдөг хийц тул түүнд тавигдах шаардлагуудыг мэдэж, анхнаас нь хийц, төлөвлөлтийг зөв сонгох нь чухал. Хүмүүс дээврийн дулаалгыг төдийлэн анхаардаггүй. Гэтэл ердийн барилгад дээврийн дулааны алдагдал 15-20% хувь байдаг тул дулаан тусгаарлалтыг сайжруулснаар халаалтын зардлыг мэдэгдэхүйц хэмнэх боломжтой юм. Дээвэрт дулаалгын ажлыг хийхэд харьцангүй хялбар.
Дээврийг дулаалснаар сууц тань өвөлдөө илүү дулаан, зундаа сэрүүн байх болно. Адрын хөндийг дулаалах хоёр хувилбар байж болно. Хэрэв адрын хөндийд зөвхөн юм хураадаг бол дээд давхрын хучилтыг дулаална. Харин сууцны зориулалтаар ашиглах бол дээврийн налуу хэсгийг дулаална.
Дээврийн налуу хэсэг, хучилтын дулаан тусгаарлалтын үзүүлэлт нормын дагуу R = 5.2 – 6.2 м2°С/Вт-ийн хооронд байх ёстой. Өөрөөр хэлбэл, дулаалганд хөөсөнцөр хавтан эсвэл сайн чанарын эрдэс хөвөн хавтан (дулаан дамжилтын илтгэлцүүр нь l= 0,04Вт/м.С-ээс багагүй байх) хэрэглэх тохиолдолд түүний зузаан нь 20-25см байвал зохино. Харин полиуретан хөөсөн дулаалгын хувьд дулаан тусгаарлалтын үзүүлэлт нь R=6.4 байдаг учир 5 см зузаантай байх боломжтой байна. Ашиглаж буй сууцны дээврийг дулаалах бол дээвэрт анх хийсэн дулаалгыг бодолцон нэмэлт дулаалгаа ямар зузаантай хийхээ тооцох нь зүйтэй. Хэрэв та мужааны ажлын туршлагагүй бол мэргэжлийн хүнээр хийлгүүлэх буюу зөвлөгөө аваарай. Гэвч ихэнх тохиолдолд дээврийн дулаалгын ажлыг бага зэрэг зүтгэл гаргавал та өөрөө, нэг туслахын хамт бүрэн хийх боломжтой. Дулаалгын ажлаа эхлэхийн өмнө дээврийн битүүмжлэлийг шалгаарай. Шал, хана, таазанд ус чийг хуримтлагдаж байгаа эсэхийг мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаар тодорхойлуулах боломжтой. Дулаан алдагдал тодорхойлдог багаж нь ус алдагдаж байгаа хэсгийг төвөггүй олоод өгнө. Мөн та өөрөө харагдаж буй ус чийгний толбоор дээврийн ба хучилтын аль хэсэгт гэмтэлтэй, засвар хийх шаардлагатай байгааг харж болно. Норсон буюу чийг авсан дулаалгын материал нь дулаан тусгаарлах чанараа алдсан байх ба дээврийн модон хийцэд гэмтэл учруулж болзошгүй. Энд нэг зүйлийг анхааруулахад, дээврийн модон хийцийг галд өртөх, хөгц, мөөгөнцөрт идэгдэхээс хамгаалсан байх шаардлагатай. Хөгц мөөгөнцөр нь зөвхөн чийгтэй орчинд үүсэх ба хэрэв хуурай, хангалттай агааржуулалттай орчин бий болговол маш сайн урьдчилсан хамгаалалт болно. Илжрэлт, хортон шавьжаас хамгаалахдаа усанд уусдаг уусмалуудыг ашиглах ба эдгээр бодис нь дулаалгын эрдэс хөвөн, полистирол зэрэг материалтай урвалд орж гэмтээдэггүй сайн талтай.
Дээврийн хийцэд гарах конденсаци буюу хөлрөлт
Ус чийгнээс үүдэж дээврийн хийцэд гарах гэмтлүүд нь ихэнх тохиолдолд конденсаци буюу хөлрөлтөөс үүснэ. Үүнд цас, борооны ус нэг их нөлөөлөхгүй. Учир нь дээврийн орчин үеийн хучлагын материалуудыг технологийн дагуу зөв угсарсан бол ус нэвтрэхгүй. Хөлрөлт үүсэх шалтгаан нь нэг талаас дотор ба гадна агаарын температурын зөрүү, нөгөө талаас агаарын чийгшил байдаг. Дотор агаарын чийг буюу уурын гадагшлах хөдөлгөөнд дараах гол хоёр хүчин зүйл нөлөөлдөг:
• Уурын нэвчилтийн хөдөлгөөн (цул бүтээцээр гадагшлах чийг)
• Уурын урсгалын хөдөлгөөн (нүх сүв, завсар зайгаар агаартай хамт гадагшлах чийг)
Урсгалын хөдөлгөөнөөр гадагшлах чийгний хэмжээ нэвчилтийн хөдөлгөөнийнхөөс бараг 10 дахин их байдгийг судалгаагаар тогтоожээ. Иймд дулаалгатай дээврийн хийцэд дулаан талаас нь битүүмжлэл сайтай уур тусгаарлагч хийх нь туйлын чухал. Ингэснээр өрөөний доторх чийгтэй агаар дээврийн хийц рүү нэвтэрч түүнийг норгож гэмтээхгүй. Уур тусгаарлагчийг битүүмжлэл муутай хийвэл дотор агаар нэвтэрч дээврийн хийц дотор хөлөрч өвлийн улиралд энэ нь цантаж хөлдөх ба дулаан болоход хайлж тааз, хананд гэмтэл учруулдаг. Үүний гэрч нь хана таазны уулзвар хэсэгт үүссэн толбо юм. Нэг анхаарах зүйл бол, уур тусгаарлагч материалын уулзваруудыг болж өгвөл хоёр талдаа цавуутай туузаар наах, уур тусгаарлагчийг ямар нэгэн байдлаар урах, цоолох явдлаас аль болох зайлс хийх нь туйлын чухал. Дээр дурьдсан учир шалтгаан гадна ханын дулаалганд нэгэн адил хамаарна.
Эрчим хүчний хэмнэлттэй барилга нь сайтар дулаалсан байхаас гадна агаар сэлгэлтийн алдагдал багатай, битүүмжлэл өндөртэй байх ёстой. Гэхдээ энэ нь эрүүл ахуйн нормоор шаардагдах агаар сэлгэлтэнд муугаар нөлөөлөх учиргүй. Сууцны барилгад цагт 0.5 дахин буюу 50%-ийн сэлгэлт байхад хангалттай гэж үздэг (нэг хүнд доод тал нь 25-30 м3/цаг цэвэр агаар шаардагдана). Ихэнх орнуудад эрчим хүчний хэмнэлтийн нормоор барилгын битүүмжлэлийн хэмжээг зохицуулдаг. Ердийн аргаар, жишээ нь цонх онгойлгох байдлаар агааржуулалт хийхэд их хэмжээний дулаан алдагдаж түүнийг хянах боломжгүй болдог . Үүнээс зайлсхийхийн тулд дулаан эргүүлэн ашигладаг агаар сэлгэлтийн системийг хэрэглэх нь зүйтэй. Ердийн салхивчтай сууцны агаар сэлгэлтийн дулааны алдагдал 50-60 кВт.цаг/м2.жил байдаг бол энэ системийг ашигласнаар алдагдлыг 50-80% бууруулж болдог байна.
Энэхүү систем нь агаар сэлгэх явцад өрөөний бохирдсон агаарын дулаанаар гаднаас орох цэвэр хүйтэн агаарыг халааж хаягдал дулааныг дахин ашиглах боломж олгодог. Өөрөөр хэлбэл, гадны хүйтэн агаар бүлээцэн дотор тасалгаанууд руу ордог бол, дотор талын бохир агаар өөрийн дулаанаа өгч гадагшилдаг байна. Агаар сэлгэлтийн явцад ихэвчлэн гадны цэвэр агаарыг зочны болон унтлагын өрөөнүүдэд оруулж, бохир агаарыг гал тогоо, ариун цэврийн өрөөнөөс сорон зайлуулдаг. Системийн шүүлтүүр нь гадна агаарын тоосыг шүүн цэвэрлэх ба дуу тусгаарлагч нь гадны дуу шуугианаас хамгаална. Агаар сэлгэлтийн ийм системийг үр ашигтай ажиллуулах урьдчилсан нөхцөл нь тухайн барилгын битүүмжлэл юм. Битүүмжлэл нь ердийн барилгатай харьцуулахад 3-4 дахин өндөр байх ёстой тул ялангуяа цонх хаалганы битүүмжлэлд онцгой анхаарах хэрэгтэй. Зайлуулах агаарын дулаанаар гаднаас авах цэвэр хүйтэн агаарыг халаахад дулаан солилцуур агаар халаагчийг ашигладаг болсон бөгөөд уг төхөөрөмж нь нэмэлт жижиг шахуургатай. Ингэснээр агаар сэлгэлтийн явцад гардаг дулааны алдагдлын 50-90%-ийг дахин ашиглах боломжтой. Мөн дулаан солилцууртай агаар сэлгэлтийн системийг одоо ашиглаж буй сууцны барилгад угсрах боломжтой. Энэхүү систем нь үр ашиг ихтэй ч өртөг өндөртэй, суурилуулахад мэргэжлийн мэдлэг шаардагдана. Ердийн тохиолдолд агаар сэлгэлтийг тухайн байдлаас хамааран өдөрт 2-3 удаа богино хугацаанд огцом байдлаар дээд тал 15 минутын хугацаанд хийх нь зүйтэй. Цонхоо байнга онгорхой байлгах нь их хэмжээний дулааны алдагдалд хүргэдгийг санах хэрэгтэй.
Дээд давхрын хучилтын дулаалга
Адрын хөндийг ашигладаггүй бол дулаалга хийхэд хямд бөгөөд хялбар байх болно. Дулаалга хийхдээ хучилтан дээр дулаалгын хуйлмал материал эсвэл дулаалгын хавтан дэвсэнэ. Адрын хөндий нь хүн орж ажиллаж болохоор зайтай байх нь чухал. Дулаалга хийхэд дулаалгын хуйлмал эсвэл хатуу хөөсөнцөр болон эрдэс хөвөн хавтан тохиромжтой бөгөөд эдгээр нь илжирч муудахгүйгээс гадна, хөнгөн, боловсруулахад хялбар байдаг. Дулаан тусгаарлалтанд тавих шаардлагын дагуу дулаалгын зузаан 20 см-ээс багагүй байх ёстой. Дулаалгын хавтанг шаланд хөдөлгөөнгүй, завсар зайгүйгээр зориулалтын цавуугаар наавал илүү сайн. Жишээ нь, плитаны цавуу хэрэглэж болно. Мөн дулаалгын хавтанг 2-3 үе дэвсэх тохиолдолд хавтангуудыг ам дарж байхаар угсрана. Хэрэв адрын хөндийд ган хоолой, халаалтын системийн тэлэлтийн болон цэвэр усны сав зэргийг байрлуулсан бол тэдгээрийг мөн дулаална. Адрийн хөндийгөөр үе үе хүн явах хэрэг гарах тул дулаалгын дээгүүр банз дэвсэж зам гаргах хэрэгтэй. Адрийн хөндийг агуулах байдлаар ашиглахаар бол банзан шал хийх нь зүйтэй. Хэрэв адрын хөндийд орох боломжгүй, зай муутай бол дулаалгыг таазнаас нь хийнэ. Гэхдээ энэ нь одоо байгаа өрөөний өндрийг наад зах нь 20см-ээр багасгах тул ингэж багасгах боломжтой эсэх, барилгын норм дүрэмтэй зөрчилдэх эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Энэ хувилбар нь нилээд ажиллагаатай бөгөөд мэргэжлийн ур чадвар шаардана. Дулаалга хийхдээ эхлээд таазанд брус бэхэлж хооронд нь дулаалгын материалаа тогтооно. Дулаалгын материалыг чийг, цанталтаас хамгаалахын тулд уур тусгаарлагч хийх шаардлагатай. Уур тусгаарлагчийг зориулалтын материалаар хийх бөгөөд голдуу 0.2мм-ээс багагүй зузаантай полиэтилен плёнк хэрэглэдэг. Дээврийн ердийн хар цаас уур тусгаарлахдаа сайнгүйг анхаараарай.
Хавтгай дээврийн дулаалга
Хэрэв таны байшин хавтгай дээвэртэй, дулаалга нь хар цаасны доор байгаа бол нэмэлт дулаалга хийх ажлыг зөвхөн мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь зүйтэй. Зардал хэмнэх үүднээс одоо байгаа дээврийг хөндөлгүйгээр шууд дээр нь нэмэлт дулаалга хийх арга байдаг. Үүнд хамгийн тохиромжтой арга бол полиуретан шүршдэг хөөсөн дулаалга юм. Мөн одоо байгаа дээврийг засварлах үед энэ ажлыг давхар гүйцэтгэх боломжийг харгалзан үзээрэй.
Дээврийн налуу хэсгийн дулаалга
Дээврийн налууг дулаалахад шувуу нурууны хооронд дулаалгын эрдэс хөвөн эсвэл хатуу хөөсөнцөр хавтан хийнэ. Дулаалгын материал, гадна талд байрлах ус тусгаарлагчийн хооронд ойролцоогоор 2см зузаан агаарын үе гаргах хэрэгтэй. Ингэснээр дулаалганд орсон чийг гадагшлах боломжтой бөгөөд дулаалгын материал үргэлж хуурай байх нөхцлийг бүрдүүлнэ. Энэ хэсэгт агаар сэлгэлт явагдах боломжийг бүрдүүлэхийн тулд дээврийн хормойн болон оройн хэсэгт зориулалтын нүх гаргана. Дээврийн налуу хэсгийг дулаалахаас гадна мөн дээврийн хажуу талын ханыг (фронтон) дулаална. Энэ ханыг ихэнх тохиолдолд байшингийн бусад ханаас нимгэн өрсөн байдаг. Ханыг гаднаас бүхэлд нь дулаалахаар бол дээврийн хажуу ханыг хамтад нь дулаална. Бусад тохиолдолд дотор талаас нь дулаалахад хялбар. Энд нэг зүйлийг анхааруулахад, адрын хэсэгт сууцны өрөө гаргахаар төлөвлөж байгаа бол анхаарвал зохих норм дүрмийн заалт байдаг, жишээ нь өрөөний байх ёстой өндрийн доод хэмжээ, галын аюулгүй байдал г.м. Иймд энэ хэсэгт шинээр сууцны өрөө гаргахын өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Дээврийн шувуу нурууны хоорондох дулаалга
Дээврийн налуу хэсгийг дулаалахад хуйлмал, нэг талдаа нимгэн мөнгөлөг цаасан артай эрдэс хөвөн их тохиромжтой. Ийм дулаалгын материал нь хажуу талаараа илүү гарсан туузтай. Хуйлмалын өргөн 60, 70, 80, 100 см байна. Дулаалгын зузааныг тооцооны үндсэн дээр нормын заалтыг баримтлан сонгоорой. Дулаалга хийхдээ шувуу нурууны хоорондох зайнаас арай өргөн байхаар бодож авна. Зузаан нь ямарч тохиолдолд 20см-ээс багагүй байх нь зүйтэй. Гэвч ийм огтлолтой шувуу нуруу өргөн хэрэглэдэггүй тул дулаалгын зарим хэсгийг шувуу нурууны дээр эсвэл доор хийх болдог. Хуйлмал дулаалгыг дээрээс нь эхэлж шувуу нурууны хооронд чихэж хажуу талын туузыг шувуун нуруун дээр ам даруулах байдлаар наана, эсвэл үдээсний машинаар үдэж тогтооно. Мөнгөлөг цаасан ар нь дотогшоо харах бөгөөд энэ нь уур тусгаарлагч, агаарын битүүмжлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Энд мөн хатуу хөөсөнцөр, эсвэл эрдэс хөвөн хавтан хэрэглэж болно. Хавтангийн хэмжээг сонгохдоо аль болох бага хаягдал гарахаар аваарай. Давхарлаж хийх тохиолдолд ам даруулах нь чухал. Дотор талын өнгөлгөөнд гипс картонон хавтан, харуулдсан банз эсвэл бусад төрлийн өнгөлгөөний материал ашиглаж болно. Эдгээрийг урьдчилан хадсан брус дээр тогтооно.
Мөн одоо байгаа шувуу нурууны хоорондох дулаалгыг хэвээр үлдээж доод талд нь 5см -ийн брус хөндлөн хадаж хооронд нь ижил зузаантай хөөсөнцөр хавтан хийснээр одоо байгаа дулаалгыг сайжруулах боломжтой юм. Нэмэлт дулаалгыг шувуу нуруу, одоо байгаа дулаалгын хавтангийн хоорондох зай завсрыг хаахаар хөндлөн чигт тогтооно. Ингэснээр дээврийн битүүмжлэл, дулаан тусгаарлалтыг улам сайжруулна. Хэрэв шувуу нурууны хоорондох хэмжээ жигд бус эсвэл шувуу нурууны огтлол нь өндөр биш бол дулаалгыг шувуун нурууны доор хийж болно.
Гадна талаас хийх дулаалга
Ашиглагдаж буй ихэнх сууцны барилгын дээврийн дулаалга хангалтгүй байдаг. Иймээс дээврийн хучлагыг солих, шинэчлэх үед#полиуретан #хөөс шахаж ямар ч зай завсаргүй болгосноор та дулаанд зарцуулж буй зардлаа 15-30% хүртэл бууруулах боломжтой болно.